Jump to content

Миний Нутаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Багануурт байх, "Миний нутаг" шүлгийн боржин чулуун хөшөө
Дашдоржийн Нацагдорж

"Миний нутаг" шүлгийг Дашдоржийн Нацагдорж зохиосон, Монгол Улсын XX зууны манлай шүлэг гэж тодруулсан. 1930-аад оны эхэнд бичсэн гэдэг. Энэхүү яруу тансаг, сайхан шүлэгийг тэртээ 1955 онд Монгол улсад техникийн дээд боловсролыг үүсгэн байгуулагч соён гэгээрүүлэгч Г.Ренчиндорж (1925-1974) багш англи хэл рүү орчуулжээ.

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнгэг нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавъяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон