Jump to content

Игорь Стравинский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Игорь Стравинский

Игорь Стравинский (орос: Игорь Фёдорович Стравинский; 1882 оны 6-р сарын 17-нд – 1971 оны 4-р сарын 6-нд Нью-Йорк хотод нас барсан)- Орос, 1934 оноос францын болон 1945 оноос америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хөгжмийн удирдаач байжээ. Түүнийг XX зууны хөгжмийн урлагийн нэг том төлөөлөгч гэж үздэг.

Игорь Стравинский 1882 онд Санкт-Петербургийн ойролцоох Ораниенбаум (1948 оноос хойш - Ломоносов) хотод төржээ. Түүний эцэг Фёдор Игнатьевич Стравинский нь Чернигов мужаас гаралтай дуурийн дуучин, Мариинскийн театрын гоцлол дуучин байсан юм. Түүний эх нь төгөлдөр хуурч, дуучин Анна Кирилловна Холодовская (08.11.1854 - 06.07.1939) казак Холодовскийн гэр бүлээс гаралтай бөгөөд нөхрийнхөө концертод байнгын дагалдан хөгжимчин байсан. Санкт-Петербург дахь Стравинскийнхны гэрт Ф.М.Достоевский зэрэг алдарт зохиолч, хөгжимчид болон зураачид цуглардаг байсан.

1904-1906 онуудад Игорь Стравинский хөгжмийн зохиолч Василий Калафатигаас хичээл авахаас гадна долоо хоногт хоёр удаа Н.А.Римский-Корсаковоос хувийн журмаар хөгжмийн хичээл заалагдаг байжээ.

1914 оны эхээр дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн тэрээр гэр бүлийн хамт Швейцар руу явсан. Дайн эхэлж, дараа нь 1917 оны Зөвлөлтийн хувьсгалын улмаас Стравинскийн гэр бүл Орос руу буцаж ирэлгүй үлдсэн байна. 1915 оны хавраас хойш хөгжмийн зохиолч гэр бүлийнхээ хамт Лозанн хотын ойролцоох Морже хотод, 1920 оноос хойш ихэвчлэн Парист амьдардаг байв.

Энэ үеийн түүний бүтээлүүдийн дунд Ханс Христиан Андерсений үлгэрээс сэдэвлэсэн "Гургалдай" дуурь (франц. Le Rossignol, 1914), "Цэргийн түүх" (франц. L'Histoire du soldat, 1918) зэрэг болно. Дайн дууссаны дараа Стравинский Орос руу буцаж ирэхгүй байхаар шийдэж Франц руу нүүжээ. 1919 онд тэрээр Сергей Дягилевын захиалгаар "Пулчинелла" (итали. Pulcinella) балетыг бичсэн байна. 1915 оноос хойш Стравинский үе үе өөрийн зохиолын хөгжмийн удирдаач байв. 1924 онд Стравинский төгөлдөр хуурчаар анхны тоглолтоо хийж, Сергей Кусевицкийн удирдлаган дор төгөлдөр хуур, үлээвэр найрал хөгжимд зориулсан өөрийн концертоо тогложээ.

1930-аад оны эхээр Стравинский хийлийн концерт, хоёр төгөлдөр хуурт зориулсан концерт бичсэн. 1933-1934 онд Айда Рубинштейн хүсэлтээр Андре Гидетэй хамтран Стравинский Персефон мелодрамыг зохиожээ. 1934 онд Стравинский Францын иргэншил авч, 1935 онд "Миний амьдралын түүх" нэртэй дурсамж франц хэл дээрх номоо хэвлүүлжээ. Дараа нь тэрээр Парис өнгөрүүлсэн амьдралынхаа үеийг хамгийн аз жаргалгүй үе гэж дурссан байдаг. Түүний том охин Людмила 1938 онд нас барж, түүний эхнэр (Парис дахь Сен-Женевьев-де-Буа оршуулгын газарт оршуулсан) болон эх нь 1939 онд нас баржээ. 1940 оны 3-р сарын 9-нд Стравинский 1922 оноос хойш таньдаг байсан Вера Судейкинатай гэрлэсэн байна.

1936 оноос хойш Стравинский үе үе АНУ-д аялан тоглолт хийдэг байсан бөгөөд энэ үеэр тэрээр энд уран бүтээлийн харилцаатай болжээ. 1937 онд Нью-Йорк хотын Метрополитен Опера театрт "Хөзрийн тоглоом" балетыг тавьж, жилийн дараа "Дамбартон Өкс" концерт тоглов. Стравинскийг Харвардын их сургуульд лекц уншихыг урьсан. Дэлхийн 2-р дайн эхэлсэнтэй холбогдуулан Стравинский 1939 онд АНУ руу шилжин нүүхээр шийджээ. Тэрээр эхлээд Сан-Францискод, дараа нь Лос-Анжелес хотод суурьшсан байна. 1945 онд тэрээр Америкийн иргэншилтэй болсон юм. Энэ үеийн бүтээлүүд - неоклассик үеийн апофеоз болсон "Тармуурын дэвшил" дуурь (1951), "Орфей" балет (1948), До мажор симфони (1940), гурван бүлэгт симфони (1945), Кларнет, жааз найрал хөгжимд зориулсан Хар модны концерт (1946) юм.

1962 оны 9-р сарын 21-нд Стравинский Москвад нисч ирээд өөрийн зохиолоо тоголоход удирдаач хийжээ (10-р сард - Ленинград хотод). Игорь Стравинскийн концертыг Зөвлөлтийн хөгжмийн хүрээнийхэн сайшаан хүлээж авсан байна.

И.Стравинский 1971 оны 4-р сарын 6-нд Нью-Йорк хотод зүрхний дутагдлын улмаас нас барсан. Түүнийг Сергей Дягилевын булшнаас холгүй орших "Оросын" хэсэгт байрлах Венецийн (Итали) Сан Мишель оршуулгын газарт оршуулжээ. Сүүлд 1982 онд түүний эхнэр Вера Боссийг Игорь Стравинскийн булшны дэргэд оршуулсан байна.