Томас Альва Эдисон

Томас Альва Эдисон (1847 оны 2 сарын 11 - 1931 оны 10 сарын 18) нь амьдралыг хамгийн ихээр хялбарчилсан нээлтүүдийг хийсэн АНУ-ын зохион бүтээгч, бизнесмен байв.

Томас Альва Эдисон
(Англи) A Day with Thomas Edison (1922)

Тэрээр АНУ-д нэг мянга давсан бусад орнуудад 3 мянган зохион бүтээгчийн нээлтийн эрхийг авсан байдаг. Хамгийн гол нээлтүүд нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ.

Бага нас

засварлах
 
Эдисон хүүхэд байхдаа

1730 оны орчим Голландаас Америк руу өвөг эцэг тээрэмчин Эдисоны гэр бүл нүүж иржээ. 1837 онд Канадад эдийн засгийн хямрал, газар тариалангийн хомсдолын нөлөөн дор бослого гарч, бага Самуэль оролцов. Гэсэн хэдий ч засгийн газрын цэргүүд бослогыг дарж, Самуэл шийтгэлээс зайлсхийхийн тулд Майлен (АНУ, Охайо) руу дүрвэхээс өөр аргагүй болжээ. 1839 онд тэрээр Нэнсиг хүүхдүүдийн хамт нүүлгэж чаджээ. Эдисоны бизнес сайн явж байсан. Эдисоны яг энэ үед Майлен хотод 1847 оны 2-р сарын 11-нд түүний хүү Томас Алва мэндэлжээ.

Эдисон бага насандаа ердөө 3 сар л сургуульд явжээ. Томас Алва хүүг бага байхад нь Аль гэж дууддаг байсан бөгөөд энэ үед тэрээр улаан эсэргэнэ туссаны улмаас сонсгол нь муудсан боловч үүнийг нь ойлгоогүйгээс сурах чадваргүй гэсэн тодотголтойгоор түүнийг сургуулиас гаргажээ. Сургуулиас гарсны дараа ээж нь гэрээр боловсрол олгон түүний хамгийн гол онцлог чанар болох эцэс төгсгөлгүй сониуч зангийн суурийг тавьж өгчээ. Хэсэг хугацааны дараа Эдисонд тусгай багшаар хичээл заалгаж эхэлсэн бөгөөд анхны туршилтаа 10 настайдаа гэрийнхээ дээврийн хонгилд хийж, энд л хими, электрон орчны тухай ерөнхий ойлголтыг өөрөө сурчээ. Тухайн үеийн шинжлэх ухаан, техникийн бараг бүх мэдээллийг агуулсан Ричард Грин Паркерын "Байгалийн ба туршилтын философи" номыг уншсан байна. Тэрээр номонд дурдсан бараг бүх туршилтыг хийж үзсэн байна.

12-тойгоосоо төмөр замд сонин зарж мөнгө олж эхэлжээ. 16 настайдаа санамсаргүй цахилгаан мэдээний холбоочинтой танилцсан байна. Нэгэн бяцхан хүүг галт тэргэнд дайруулахаас аварчээ. Хүүгийн эцэг цахилгаан мэдээний холбоочин байсан бөгөөд Эдисонд цахилгаан мэдээний талаар зааж сургажээ. Ийнхүү цахилгаан мэдээ дамжуулагч болсон Эдисон хажуугаар нь шинэ туршилт хийж, мөн сүүлийн үеийн техникийн дэвшлийг ч судалж байлаа. Эвдэрсэн багажийг засч сэлбэхдээ маш гаргууд болсон учраас хүмүүс түүнийг алтан гартан гэж нэрлэдэг болжээ.

Зохион бүтээгч болсон нь

засварлах

1869 онд Нью Йоркийн үнэт цаасны арилжаа явагддаг алдарт Уолл Стрит гудамжинд алтны арилжаа эрхэлдэг нэгэн компаниас Эдисоныг дууджээ. Учир нь алтны ханшийн талаар мэдээлэл авдаг цахилгаан мэдээ дамжуулагч нь эвдэрсэн байлаа. Эдисон богино хугацаанд дамжуулагчийг засахад үүнийг харсан цахилгаан мэдээ дамжуулагч төхөөрөмжийн Вестерн Юнион компани түүнд хувь нийлүүлэгчийн үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тэр даруйд нь мэдээлж чадах төхөөрөмж захиалжээ. Эдисон хамгийн анхны чухал нээлт болох энэ захиалгыг хийжээ.

1876 онд "Нээлтийн үйлдвэр" нэртэй хувийн лаборатороо байгуулжээ. Энд өөрийн сонирхсон салбар бүрт судалгаа, туршилт хийж байлаа. Нью-Жерси дэх Менло паркт дэлхийн анхны үйлдвэрлэлийн лаборатори байгуулж шинэ нээлтүүд хийсээр байлаа. Тэр жилдээ бас нэг чухал нээлт хийсэн нь, урд нь Александр Грахам Беллийн зохион бүтээсэн харилцуур утсанд дууны өнгийг илүү тод болгодог өсгөгч нэмж хийсэн юм. Үүний дараа 1877 онд фонографыг зохион бүтээсэн нь анхны авиа тэмдэглүүр болжээ.

 
Эдисоны бүтээсэн анхны чийдэн

Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч Жозеф Сван 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юмуу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг Нью-Йоркт Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ.

1884 онд Эдисон Сербийн залуу инженер Никола Теслаг цахилгаан мотор болон тогтмол гүйдлийн үүсвэр генераторыг засварлах ажилд хөлсөлж байжээ. Харин Никола Теслаг үүрэгт ажилаа хийж өгсний хариуд амласан хөлсөө өгөөгүй юм./28/

1887 онд Нью-Жерсид Эдисоны туршилтын лабортори байгуулагдсан нь технологийн томоохон төв гэмээр болжээ. Эндээ өмнөх бүтээлүүдээ сайжруулах, шинэ нээлт хийхээр ажилладаг байсан ажээ. 1891 онд анхны киноны төхөөрөмж болох кинофотографийг зохион бүтээжээ. Парист ах дүү Люмере энэ аргаар нь кино зураг авах төхөөрөмж болгон хэрэглэжээ. Эдисон бусдын зохион бүтээсэн бүтээлүүдийг илүү сайжруулсан зүйл ч байгаа бөгөөд нэгтгэн дүгнэх чадвар нь амжилтанд хүргэж байлаа. Мөн түүний бүтээлийн зарим нэгийг хожим засаж сайжруулсан нь ч бий. Жишээ нь цахилгаан чийдэн дэх хоёр электродын дундуур цахилгаан гүйдэл явуулахад нэг нь халдаг. Эдисоны нөлөө гэж нэрлэдэг энэ нээлтэнд үндэслэн хожим нь цахилгаан дамжуулах хоолой гуурс хийжээ.

Эдисон хоёр дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. Насан эцэслэтлээ шинэ нээлт хийхээр оролдож байлаа. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр үлдсэн байна.

Томас Эдисон 1931 оны 10-р сарын 18-нд Нью-Жерси мужийн Вест Оранж дахь гэртээ чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас нас барж, 1886 онд Мина Миллерт хуримын бэлэг болгон худалдаж авсан байшингийн арын хашаанд оршуулжээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Томас Альва Эдисон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан