НАТО
НАТО (Англи: North Atlantic Treaty Organization (NATO); Франц: Organisation du traité de l'Atlantique nord (OTAN) „Умард Атлантын Гэрээний Байгууллага“) -32 гишүүн орнуудыг нэгтгэсэн Олон улсын Засгийн газар хоорондын цэргийн эвслийн байгууллага. Байгууллагын уриа нь латин хэлээр-"animus in consulendo liber" (орч. "эргэлзэхээс ангид оюун ухаан") юм. Байгууллагын стратегийн үзэл баримтлалд "тогтоон хягзаарлах" үзэлтэй байдаг.
НАТО-гийн төв байр Бельгийн Брюссель хотод байрладаг бол НАТО-гийн цэргийн төв байр нь Бельгийн Монс хотын ойролцоо байрладаг. НАТО-гийн бүх 32 гишүүн орнуудын нэгдсэн цэргийн тоо -3.5 сая орчим цэрэг, албан хаагч багтаж байна. Бүх гишүүн улсууд нийлээд 973 сая орчим хүн амтай 25.07 сая км2 газар нутагтай. Тэдний цэргийн зардал 2022 оны байдлаар дэлхийн нийт нэрлэсэн нийт зардлын 55 орчим хувийг эзэлж байна. Түүнчлэн 2024 он гэхэд батлан хамгаалахын зорилтот зардлыг ДНБ-ийхээ 2%-иас доошгүй хэмжээнд хүргэхээр гишүүд тохиролцсон байна.
1949 оны 4 дүгээр сарын 4-нд хүйтэн дайны үед Вашингтон хотноо Зөвлөлт Холбоот Улс болон түүний холбоотнууд болох социалист орнуудын эсрэг чиглэсэн Умард Атлантын гэрээний дагуу байгуулагдсан цэрэг, улс төрийн эвсэл юм. АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 орон анх нэгдэж байгуулсан юм. Эдгээр орнууд эхлээд дор дороо Гэрээг соёрхон баталсны дараа 1949 оны 8-р сарын 24-нд хүчин төгөлдөр болжээ. Хүйтэн дайнаас буюу 1990 оноос хойш дэлхийд АНУ-ын тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон байна. НАТО-ийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал ажээ. Байгууллагын аль нэг гишүүн орон гадны довтолгоонд өртвөл бусад бүх гишүүд өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ гэсэн дүрэмтэй. Байгууллагын төв байр Бельги улсын нийслэл Брюссельд байрладаг.
Гишүүн орнууд
засварлах2024 оны байдлаар НАТО нь 32 гишүүн улстай цэргийн байгууллага юм. 2024 оны 3-р сарын 7-нд НАТО-д элссэн хамгийн сүүлчийн гишүүн улс бол Швед юм. НАТО одоогоор 2018 оны 12-р сард НАТО-гийн гишүүнчлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авсан Босни Герцеговиныг, Гүрж, Украиныг тус эвсэлд гишүүнээр элсэхэд нэр дэвшигчээр хүлээн зөвшөөрч байгаа юм.
Мөн НАТО-гийн "энх тайвны төлөөх түншлэл" хөтөлбөрт өөр 19 улс, институцичлагдсан яриа хэлэлцээний хөтөлбөрт 15 улс оролцдог юм. 2020 онд НАТО-гийн бүх гишүүн орнуудын цэргийн зардал дэлхийн нийт зардлын 57 гаруй хувийг эзэлж байна.
Түүх
засварлахДэлхийн 2-р дайн дуусаж, хүйтэн дайн эхэлсний дараахан Зүүн Герман болон Зөвлөлтийн зүгээс болзошгүй халдлага тохиолдоход эвсэх, харилцан туслалцах тухай Дункиркийн гэрээг (англи. Treaty of Dunkirk) 1947 оны 3-р сарын 4-нд францын Дункирк хотноо Франц, Их Британи хоёр улс анх гарын үсэг зурсан байна.
Умаар бусад барууны орнуудыг нэмж оруулан 1948 оны 3-р сард Бельги, Их Британи, Люксембург, Нидерланд, Францын хооронд Брюсселийн гэрээ байгуулагдаж, хожим нь "Баруун Европын Холбоо" (WEU) үндэс суурийг тавьсан юм. Үүнийг Умард Атлантын холбоо үүсэх эхлэл гэж үздэг. Үүний зэрэгцээ АНУ, Канад, Их Британийн хооронд соёл иргэншлийн нэгдмэл байдалд суурилсан холбоо байгуулах тухай далд яриа, хэлэлцээ явагдсан байна. Удалгүй Европын орнууд болон АНУ, Канадын хооронд хэлэлцээ хийж, нэгдсэн холбоо байгуулахаар болсон түүхтэй.
Дээрх бүх яриа хэлэлцээний үр дүнд 1949 оны 4-р сарын 4-нд Бельги, Их Британи, Дани, Исланд, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, АНУ, Франц зэрэг 12 орны төлөөлөгчид Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээ нь хамтын аюулгүй байдлын тогтолцоог бий болгосон бөгөөд Гэрээнд оролцогч талууд халдлагад өртсөн аль ч талыг хамтдаа хамгаалах үүрэгтэй болсон юм. Бүх улс орнууд дор дороо соёрхон баталсаны дараа 1949 оны 8-р сарын 24-нд хүчин төгөлдөр болжээ.
Грек, Турк улс 1952 онд НАТО-д элссэн ("НАТО-гийн анхны өргөжилт"). Баруун Герман 1955 онд НАТО-гийн гишүүн болсон ("НАТО-ын хоёр дахь өргөжин тэлэлт").
1954 оны 3-р сарын 31-нд Зөвлөлт Холбоот Улс НАТО-д элсэх хүсэлт гаргасан ч эрс татгалзсан хариу өгсөн байдаг юм.
1966 онд НАТО-гийн дээд удирдах байгууллага болох "НАТО-гийн Зөвлөл"-өөс гадна гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нараас бүрдсэн "НАТО-гийн Цэргийн төлөвлөлтийн хороо"-г байгуулж, жилд хоёр удаа хуралддаг болсон.
1966 онд Франц улс Ерөнхийлөгч Шарль де Голлийн үед НАТО-гын цэргийн ажиллагаанаас гарж зөвхөн улс төрийн бүтцэд оролцож болсон Үүнтэй холбогдуулан НАТО-гийн төв байрыг Парис хотоосс Брюссель рүү нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Америкийн бүх цэргийн баазыг Францын нутаг дэвсгэрээс гаргах шаардлагатай болсон байна. Сүүлд Франц 2009 онд бүрэн хэмжээнд НАТО-д эргэн орсон байна.
Грек 1974 онд НАТО-оос гарч, 1981 онд дахин НАТО-д эргэж элссэн юм.
Испани 1982 онд НАТО-д элссэн ("НАТО-гийн гурав дахь өргөтгөл"). Хоёр Германыг нэгтгэснээр эвслийн нутаг дэвсгэрт хуучин БНАГУ-ын нутаг дэвсгэр (одоо Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нэг хэсэг) багтжээ. Хүйтэн дайн дууссаны дараа буюу 1999 онд Унгар, Польш, Чех улсууд НАТО-д элссэн ("НАТО-ын дөрөв дэх өргөтгөл"), 2004 онд Болгар, Латви, Литва, Румын, Словак, Словени, Эстони (НАТО-гийн "Тав дахь өргөтгөл болсон").
2009 онд Хорват, Албани улсууд НАТО-д элссэн ("НАТО-ын зургаа дахь өргөжилт"). 2017 онд Монтенегро НАТО-д элссэн (“НАТО-гийн долоо дахь өргөжилт”). 2020 онд - Хойд Македон ("НАТО-ын найм дахь тэлэлт"). Мөн 2023 онд - Финланд ("НАТО-гийн ес дэх удаагийн өргөтгөл") элссэн.
Хүйтэн дайн дуустал НАТО-гийн хүчин ямар ч цэргийн ажиллагаанд албан ёсоор оролцоогүй.
20-р зууны төгсгөл ба 21-р зууны эхэн үед НАТО-гийн цэргүүд дараахь мөргөлдөөнд оролцов.
- Хуучин Югослав дахь дайнууд:
- Босни Герцеговина - "Тоцоолсон хүч" (англи. Deliberate Force; серб. Делиберате Форце, 1995);
- Косово - "Холбоотны хүчний ажиллагаа" (англи. Operation Allied Force; буюу Operation «Noble Anvil» 1999).
- Афганистан:
- "Аюулгүй байдлыг дэмжих Олон улсын хүч" (англи. International Security Assistance Force; ISAF, 2001-2014);
- "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа (англи. Resolute Support Mission, 2014–2021).
- Ливи: - "Нэгдсэн Хамгаалалт" ажиллагаа (2011).
Эдгээр ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатын дор явагдсан (Косово дахь "Холбоотны хүчний ажиллагаа"-г эс тооцвол).
Бүтэц
засварлахНАТО-гийн улс төрийн шийдвэр гаргах гол байгууллага нь Умард Атлантын Зөвлөл юм. Түүний уулзалтууд Брюссель дэх НАТО-гийн төв байранд болдог байна. Умард Атлантын Зөвлөлд дараах хороо харьяалагддаг байна. Үүнд:
- Орлогч нарын хороо;
- Бодлого ба түншлэлийн асуудлаарх хороо;
- Үл дэлгэрүүлэх хороо;
- Зөвлөлдөх, Удирдах Зөвлөл;
- Үйл ажиллагааны хороо;
- Ердийн зэвсгийн хяналтын өндөр түвшний ажлын хэсэг;
- Баталгаажуулах болон уялдуулан зохицуулах хороо;
- Үндэсний зэвсгийн захирлуудын бага хурал;
- Стандартчиллын хороо;
- Арын хангалтын хороо;
- Нөөцийн бодлого төлөвлөлтийн зөвлөл;
- Агаарын довтолгооноос хамгаалах хороо;
- Нислэгийн хөдөлгөөний удирдлагын хороо;
- Иргэний болон онцгой байдлын төлөвлөлтийн хороо;
- Олон нийтийн дипломат үйл ажиллагааны хороо;
- Умард Атлантын Зөвлөлийн үйл ажиллагаа, сургалтын Хороо;
- Аюулгүй байдлын хороо;
- Иргэний тагнуулын хороо;
- Архивын хороо.
Зэвсэгт хүчин
засварлах2010 оны байдлаар НАТО-гийн гишүүн орнууд 4 сая орчим цэргийн албан хаагчидтай байсан бөгөөд эдгээрийн 2 сая 200 мянган нь Европ тивд байдаг байна.
Санхүүжилт
засварлах2021 онд НАТО-гийн зардал өмнөх оноос 2,7%-иар өсөж 1,1 их наяад ам.доллар болжээ. Байгууллагын гишүүд 2024 он гэхэд ДНБ-ийхээ 2% -аас доошгүй хувьтай тэнцэх батлан хамгаалах зардлын зорилтод хүрэх зорилгоо хэрэгжүүлэхээр санал нэгдээд байгаа.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар
засварлахНАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга нь Умард Атлантын эвслийн байгууллагын (НАТО) тэргүүн албан тушаалтан юм. Ерөнхий нарийн бичгийн дарга нь эвслийн ерөнхий зохицуулалтыг хариуцдаг бөгөөд Умард Атлантын Зөвлөлийн тэргүүн юм.
# | Овог нэр | Улс | Ажлаа авсан огноо | Ажлаа өгсөн огноо | Хугацаа |
---|---|---|---|---|---|
1 | Гастингс Исмей
(1887–1965) |
Их Британи | 24.03.1952 | 16.05.1957 | 5 жил |
2 | Поль-Анри Спаак
(1899–1972) |
Бельги | 16.05.1957 | 21.04.1961 | 4 жил |
3 | Дирк Стиккер
(1897–1979) |
Нидерланд | 21.04.1961 | 01.08.1964 | 3 жил |
4 | Манлио Брозио
(1897–1980) |
Итали | 01.08.1964 | 01.10.1971 | 7 жил |
5 | Йозеф Лунс
(1911–2002) |
Нидерланд | 01.10.1971 | 25.06.1984 | 13 жил |
6 | Питер Каррингтон
(1919–2018) |
Их Британи | 25.06.1984 | 01.07.1988 | 4 жил |
7 | Манфред Вёрнер
(1934–1994) |
ХБНГУ | 01.07.1988 | 13.08.1994 | 6 жил |
— | Серджо Баланцино (и.о.)
(1934–2018) |
Итали | 13.08.1994 | 17.10.1994 | 2 сар |
8 | Вилли Клас
(1938-) |
Бельги | 17.10.1994 | 20.10.1995 | 1 жил |
— | Серджо Баланцино (и.о.)
(1934–2018) |
Итали | 20.10.1995 | 05.12.1995 | 6 долоо хоног |
9 | Хавьер Солана
(1942-) |
Испани | 05.12.1995 | 06.10.1999 | 4 жил |
10 | Жорж Робертсон
(1946-) |
Их Британи | 14.10.1999 | 17.12.2003 | 4 жил |
— | Алессандро Минуто-Риццо (и.о.)
(1940-) |
Итали | 17.12.2003 | 01.01.2004 | 3 долоо хоног |
11 | Яп де Хоп Схеффер
(1948-) |
Нидерланд | 01.01.2004 | 01.08.2009 | 5 жил |
12 | Андерс Фог Расмуссен
(1953-) |
Дани | 01.08.2009 | 01.10.2014 | 5 жил |
13 | Йенс Столтенберг
(1959-) |
Норвеги | 01.10.2014 | 01.10.2024 | 10 жил |
14 | Марк Рютте
(1967-) |
Нидерланд | 01.10.2024 | ажиллаж байгаа | — |
Гадаад холбоос
засварлах- НАТО-гийн албан ёсны сайт
- Commons: Category:North Atlantic Treaty Organization – Викимедиа дуу дүрсний сан