Морин хуур
Морин хуур нь Монгол үндэстний хөгжмийн зэмсэг юм. Морин хуур нь өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд дэлгэрсэн гэж үздэг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг.
Морин хуур ᠮᠣᠷᠢᠨ ᠬᠤᠭᠤᠷ | |
---|---|
англи.: Morin khuur, герман.: Pferdekopfgeige, | |
Морин хуур | |
Ангилал | Чавхдаст хөгжмийн зэмсэг |
Ойр төрлийн зэмсэг |
Икил, арслан хуур, матар зөгий хуур, хийл хуур |
Хөгжимчин | |
Ангилал:Морин хуурч |
Морин хуурын үүсэл ба хөгжил
засварлахМорин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм. Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл: “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. [1]
Хоёрд, хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд Икэл хуур буюу Ихэл, Игил, Икил (Түрэгээр: ик- хоёр, кэл- хэл, дээс, чавхдас) нь эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Тува, Алтайн урианхайчууд Икил, Хакасчууд Ыых хэмээн нэрлэдэг. Сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Энэхүү хөгжим нь анх хэлгүй буюу нутгүй товшуур хөгжмөөс сүүлд нумаар хөрөөдөн хэлтэй болсон байна. Морин хуурын үүсэл болсон ийм шанаган хэлбэртэй хуур одоо ч Баруун Монголд байсаар буй. Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна.
Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна. Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж.
XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай.
Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй. Нэгд, Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ. Хоёрд, 1962 онд монголын соёлын яамны урилгаар Зөвлөлтийн хийлийн төрлийн нэрт хөгжим урлаач Деннис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй модон цартай морин хуурыг бүтээлгэсэн байна.
Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан янз бүрийн бүс нутагт тоглох болж [2]1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ. 1992 онд Монгол улсын Морин хуурын чуулга байгуулагдан өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон. Морин хуурыг 2003 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.
Морин хуурын хийц, анатоми
засварлахМорин хуур хөгжмийн өвөг нь Икэл хуур мөн. Морин хуурын хайрцаг нь дөрвөн өнцөгт хэлбэртэй, орой дээрээ морин толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм.
Морин хуурын чавхдасыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой, өргөн дулаан тембртэй бөгөөд утсан хөгжмийн дотор хялгасыг хялгасаар хөрөөдөж аялгуу үүсгэдэг өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг юм.
Эрт дээр үед морин хуурыг нүүдэлчид өөрсдөө модон хайрцаг бүтээн ширээр бүрж бүтээн хэрэглэж байсан. Ширэн цартай хуурын дууны өнгө дулаан, дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол гэрт хөгжимдөхөд тохиромжтой байсан. Гэсэн хэдий ширэн цартай морин хуур нь чийглэг газар сунах үйлчлэл үзүүлж хөг алдах гэх мэт сул талтай байсан тул цаг үеийн шаардлагаар Зөвлөлтийн нэрт урлаач Деннис Яравой болон Монголын хөгжим урлаач хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хуурыг модон цартай болгон өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилж, цаг уурын өөрчлөлтөд хөг алдах зэрэг сул талууд арилсан юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр болон хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон. Морин хуурын цар хүрээ нь бага октавын "фа"-гаас 3-р октавын "фа" хүртэл байдаг.
Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга нь Европын виолончель болон альт хийлтэй адилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар үзвэл уран нарийн урлагийн бүтээл гэж хэлж болно. Өдгөө морин хуурыг урлах морин хуур урлангууд олноор хөгжиж хөгжмийг илүү боловсронгуй болгож байна.
Морин хуурийг говийн тэмээчид ингэ хөөслөхөд ашигладаг нь
засварлахМонголын говийн тэмээчид олон зууны турш тэмээний сэтгэл зүйг нарийн ажиглаж, өнчирсөн ботгыг шинэ эх тэмээнд авахуулахад морин хуурыг ашигласаар иржээ. Энэ гайхамшигтай нарийн ингэ хөөсөлж ботго авхуулах үйл явцыг 1986 оны Ж.Бадраагийн найруулсан Ингэн эгшиг баримтат кинонд анх тодорхой харуулж 1988 оны Москвагийн Олон Улсын Кино Фестивалиас Гран При шагнал хүртсэн бол мөн сэдвээр найруулагч Д.Бямбасүрэнгийн 2003 онд бүтээсэн Ингэн нулимс кино 2005 оны АНУ-ын Оскарын шагналд Шилдэг Баримтат киноны төрөлд нэр дэвшсэн юм.
Ингэ хөөслөх ёс 2015 онд Coaxing ritual for camels хэмээх нэрээр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгджээ.
Морин хуур ардын домог хууч ярианд
засварлахМорин хуур ардын домог хууч ярианд халх, өвөрлөгч, урианхай (ойрад) гурван өөр хувилбар домгийг тус тусад нь авч үзэх шаардлагатай.
Халх домог
засварлахМонголчуудын үндэсний хөгжмийн зэмсэг-морин хуурын үүслийг халхчууд бол Хөхөө Намжил хэмээх соёлт баатартай холбон хэлэлцдэг. Гэхдээ эл домог нь түүх домгийн шинжийг илүү хадгалжээ. Тухайлбал, Хөхөө Намжил өөрөө Монголын зүүн хязгаар нутгийн сайн эр бөгөөд баруун хязгаарт цэргийн алба хааж байсан юм гэхчлэн хэлэлцдэг. Тэнд байхдаа тэр нутгийн нэгэн сайхан гүнжтэй танилцсан байв. Хөхөө намжил цэргээс халагдан буцах болоход амраг хайртай гүнж нь Жонон хар гэдэг морио дурсгал болгон өгсөн юм байжээ. Тэгээд Хөхөө Намжил жонон хар мориороо баруун хязгаарт нисэн очиж амраг гүнжтэйгээ уулзаад өглөө болоход зүүн хязгаарт ирж адуугаа туугаад харьдаг байж хэмээн гардаг.
Хөхөө Намжилын хүлэг унаа болсон Жонон хар морийг ид шидийн жигүүр гуурс урган уул усыг алгасан нисдэг хэмээн дүрсэлснээрээ домгийн уран сэтгэмжийг илэрхийлж байгаа юм. Энэ нь мөнөөх л үлгэр туульд гардаг “үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр” нисдэг хүлэг морьтой адил байна.
Харин домгийн гол зөрчил нь түүх домгийн шинжтэй байгаа юм. Хөхөө Намжилын нисдэг хүлгийн ид шидийг гурван он өнгөрөхөд хэн ч мэдээгүй атал нэгэн баян айлын эгэл олныг үймүүлдэг, эвтэн хоёрыг бусниулдаг тийм сүрхий ховч хүүхэн гадарлаж мэдээд хор хүргэх гэж санаархдаг болсон гэдэг. Энэ зөрчил бол эртний домгийн Бурхан, Чөтгөр юмуу, Дээд тэнгэр, Шулмас хоёрын зөрчлийг бодвол илүү аж байдлын шинжтэй болж байгаа юм. Гэвч энэ ховч хүүхний дүр нь хор хөнөөл учруулдаг шинж төрхөөрөө мөнөөх эртний домгийн шулмас эмтэй дүрийн үлгэр загвар, хэв шинжийн хувьд уламжлал холбоотой гэж бүрэн хэлж болно.
Хөхөө Намжил амраг гүнжтэйгээ уулзаад буцах замдаа мориныхоо хөлсийг сэврээгээд үүр цайх үед тавья хэмээн амран суух хооронд нөгөө ховч хүүхэн уяан дээр сэмхэн очвол Жонон хар морь санаа муутан гэж танилгүй сайн эзнээ хэмээн баясаж ид шидийн жигүүрээ хоёр суганаасаа дэрвэлзүүлэн байхыг үзээд үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд тэр сайхан жигүүрийг нь тас хайчлан хаясан юм гэдэг.
Энэ бүхнээс үзвэл энэ ховч эмийн хорлол нь газар дэлхийг бүтээсэн тэнгэрийн туурвилыг бусниулах гэдэг Эрлэг, Шулмас, Өвгөн дээдэс Бурхны бүтээсэн хүнийг буртаглан гутаах гэдэг чөтгөрийн үйлдэлтэй мөн чанартаа төстэй байгаа юм. Гагцхүү эсрэг баатрын дүр нь улам эгэлшиж, жирийн хүний байдалтай болж хувирсан байна. Эерэг баатрын дүр ч гэсэн нэгэн адил эгэлшиж, домгийн туурвигч бус, эгэл жирийн малчин болсон байна. Хөхөө Намжил үүр цайх үед морио тавихаар очтол хүлэг сайн морь нь уяан дээрээ үхсэнийг хараад гашуудахын ихээр гашуудаж, сайхан Жонон хар мориныхоо толгойг дууриалган модоор сийлж, урт сайхан иш бэхлэн хүлэг мориныхоо ширээр цар татан, мяндас сайхан сүүлнээс нь хөвүүлж хялгаслаад модны давирхай түрхэж дуу оруулан Жонон хар мориныхоо янцгаах чимээ, алхаа гишгээ, арилжаа хатирааг оруулдаг болж, түүнээс хойш Монголд анх морин толгойтой хуур үүсэж гарсан гэдэг (Монгол домог, 1984, 172) байна.
Өвөрлөгч домог
засварлахМорин хуурын үүслийн тухай өвөрлөгч нарын дунд дэлгэрсэн олон сайхан үлгэр домгийн дотроос хамгийн түгээмэл уламжлагдаж ирсэн нэгэн домогт доорх мэт өгүүлдэг байна. Тус домогт нэгэн Сүх гэдэг нэртэй ядуу айлын малчин хүү хонь хариулан явж байгаад нэг саарал унага олж авсан байна. Сүх энэ унагыг гамнан асарч том агт болгов. Саарал морь нь эзэн Сүхтэйгээ ижилсэн дасалцаж энх түвшин аж төрж байлаа. Нэг удаа ховдог шунахай хөх чоно хонинд мярааж, хашаанд нь орох гэхэд чонотой тулж хонио хамгаалав. Загал саарал мөн ч хурдан хүлэг байлаа. Тэр Вандан гэгчийн найрт түрүүлсэн байна. Хэрэг явдал үүнээс үүсч, анхан найрт тэргүүлсэн морины эзэнд охиноо өгнө гэж байсан Вандан Сүхийг малчин хэмээн үгээ идэж, болзооноосоо буцаж, охиноо өгсөнгүйгээр үл барам гэдрэг загал саарлыг нь хүчээр булаан авчээ. Гэтэл загал саарал нь эзнээ санахдаа туйлан булгиж, Ванданг шороо үмхүүлээд зугтан явахыг завдтал хар санаат Ванданд харвагдан шархдаж, хаяан дэргэдээ ирж, харангасан унаж үхсэн байна. Дараа шөнө нь тэр эзэндээ зүүд өгчээ. Ингээд Сүх загал саарлын ясаар нь бие хийж, арьсаар нь хуурын толгойг бүрж, шөрмөсөөр нь ёнхор хийж, сүүлээр нь хөвч хийж, хөгжимдүүр зохиосон байна. Хөгжимдүүрийн үзүүртээ загал саарлын толгойг сийлж, морин хуур гэж нэрийдсэн гүн зузаан хайр сэтгэлээр загал саарлаа мөрөөдөн дурсгасан гэнэ.
Урайнхай-Ойрад домог
засварлахХуур хөгжмийн үүслийг монгол хүний үнэнч хань болсон хүлэг сайн морины эмгэнэлт үхэлтэй холбон хэлэлцдэг эл өгүүлэмж баруун монголчуудын дунд бас байдаг байна. Урианхай нарын дунд дэлгэрсэн морин хуурын үүслийн тухай нэгэн домогт “Балчин кээр морьтой аркамчин күм ёвсон гэлээ. Балчин кээр морь нь хоёр хайсанд тогоо нэрэхийн зуур газаа далаа эргээд ирдэг морин байж л. Айл амьтан хэсч арка ууж ёвсон хойгуур муу күм ирээд Балчин кээр морины нь гуурсыг тас хайчилчихлаа, тэр морины амин гарсан гэж хэлдэг юм. Эрүүл болаад дайсанд хорлагдсан морион үзэж гашуудахдаа толхаагий нь модаар дуураалган сийлж, дэл сүүлээр нь килгаслаад, явдлы нь оруулж хуурдсан юм” гэдэг байна. (С.Дулам, 1989, 152). Өмнөх халх, өвөрлөгч хувилбарт гардаг дуучин, сайн эр Хөхөө Намжил, малчин эр Сүхийн оронд Балчин хээр морины эзэн нь архичин хүн байсан юм гэдэг байна.
Домог тус бүрт харгалзсан хуурын татлага аялгуу бий бөгөөд говийн халхчууд “Жонон хар морины явдал”, баруун монголчууд “Балчин хээрийн явдал” гэсэн эдгээр домгийн алинд нь ч гэсэн хуур хөгжмийн үүслийг туурвигч баатруудтай холбосонгүй эгэл жирийн хүний урлал бүтээл болгосон байгаа юм. Энэ нь домгийн өгүүлэмж харьцангуй хожуу үед гарсны шинж гэмээр байна. Энд ертөнцийн хэмжээний томоохон үйл явдлыг бус хүний хувийн аж амьдрал, санаа сэтгэлийн ч юмуу, зан суртахууны зөрчлийг харуулсан нь ингэж бодогдуулахад хүргэж байна. Түүнчлэн эл домогт хуур хөгжмийн үүслийг аж амьдралынхаа зовлон гунигийг хөнгөлөх, санаа сэтгэлийн баяр цэнгэл эдлэх гоо сайхны хэрэгцээнээс буй болсон байдлаар тайлж байгаа юм.
Цахим холбоос
засварлах- ↑ khanorgi@gmail.com (2022-11-19). "Морин хуурын гарал үүсэл". PEGASUS. Татаж авсан: 2024-08-08.
- ↑ "Морин хуур :: www.touristinfocenter.mn". www.touristinfocenter.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-08-08.